ХААН, ХАТАН СҮЙХ (Монголын уламжлалт хээнүүдээр чимсэн ор хөнжлийн даавуу) Хаан бугуйвч, хатан сүйх: Эртний овог аймгууд хоорондоо эв найрамдалтай байх, ураг бололцох, дайн самуунгүй, энх тунх байхыг эрхэмлэхдээ бүс солилцдог байсан түүхэн баримт байна. XIII зууны үед бүс, бүсний гархи арлыг анд нөхөр эв түнжингийн бат холбоо гэж үзд байснаас Монголын нууц товчоонд Тэмүүжин Жамух хоёр анд бололцохдоо алтан бүсээ солилцсон тухай бид мэднэ. Монголчуудын зан заншлын энэ онцлогт үндэслэн хоёр дугуй гархийг гархилан холбож голчилон дагуу, босоо, хэвтээ чигт чагт маягтайгаар жижиг дугуй гаргадаг нь найман зүгийн ард түмэн ах дүүсэг, энх амгалан аж төрөхийн зөн билгийг илчилд ба үүнийг хаан бугуйвч гэж нэрлэж ирлээ. Бусний гархи, арлын холбоог аливаа юмс үзэгдлийн бат бөх холбохын билэг тэмдэг болгодог төдийгүй хар санаагүй, хорсол сүйтгэлгүй, элэгсэг дотно байхын билэг тэмдэг болгон хаан сүйх маягтай гархиар холбож ирсэн ба энэ холбоосыг дөрвөлжин, ромбо хэлбэртэй болгон өөрчилж хатан сүйх гэж нэрлэдэг болсон байна. Хаан бугуйвч, хатан сүйхийг гадна дотны ямар ч хүмүүс нэгэн өрх гэрт ах дүүсэг, сайн сайхныг хүсэн зөгнөсөн билэг тэмдэг гэж ойлгодог учраас шинээр гэрлэж байгаа хосууд нь хаан бугуйвч, хатан сүйхтэй бөгж солилцдог юм. Өлзий хээ: Өлзий хээ нь монгол оронд өргөн тархсан хээ юм. Нийт 50 гаруй загварын өлзий хээ байдаг. Анх үүсэхдээ уях, зангидах, сүлжих гэсэн үйл үгнээс гаралтай гэж үздэг. Иймээс баруун монголчууд өлзийг уялага гэж нэрлэдэг байна. Монголчууд эрт үеэс нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг учраас түүндээ зохицсон аргамж дээсийг уях зангидах явдал үргэлж тохиолдох бөгөөд монгол хүн унтаж амрахдаа бүсээ тайлж, тусгайлсан 2 гогцоо гарган зангидаад дэрнийхээ хажууд тавьж, яаралтай үед амархан тайлагдахаар байлгадаг нь өлзий хээний анхны санаа болсон билээ. Их эрдэмтэн Х.Нямбуу "өлзий" гэдэг үгийг түүхэн хэл зүйн үүднээс судалж үзээд сүлжээ гэдэг үгний хувилбар гэсэн санаа дэвшүүлжээ. Өлзий хээ балар эртний үед уялга гэдэг нэрээр дэлгэрээд хожим өлзий гэдэг нэр авчээ. Өргөн дэлгэр эрдэм мэдлэг, арвин баян эд агуурстай, аз жаргал, буян хишиг дэлгэрэхийн билэгдэлтэй гэж үздэг. Үүлэн хээ: Үүлэн хээ: Нүүж буй бөөн үүл, сэмжин үүл, аадрын үүл гэж ялгагдана. Огторгуйг төлөөлөн үүлийг уран сайхнаар дүрслэн буулгасан бөгөөд утга агуулга нь хурмаст тэнгэрийн хурын шимээр байгаль дэлхий сэргэж, хүн бүр аз жаргалтай аж төрөхийг бэлгэдсэн зол жаргалын хээ хэмээнэ. Мөн хязгааргүй эрх чөлөө, баялаг, эцэс төгсгөлгүйг бэлгэднэ.
Томьёолол | Тодорхойлолот |
---|---|